Эрхэм зорилго

ХААН Банк нь хүмүүсийн амьдралыг бодитой өөрчилж, нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулах санхүүгийн шинэлэг бvтээгдэхүүнийг нэвтрvvлдэг үндэсний хэмжээний тэргүүлэгч банк юм. Бид шударга ёс, ил тод байдлыг эрхэмлэн, харилцагчийн үйлчилгээг Монголдоо хамгийн өндөр түвшинд хvргэхийг эрмэлзэнэ.

 

ХААН Банкны Үнэт Зүйлс

  • Таны, миний, бидний нэн тэргүүнд эрхэмлэх үнэт зүйл бол - Манай  харилцагчид

ХААН Банкны ХААН болсон харилцагчид маань манай хамгийн эрхэм хүмүүс билээ. Бид харилцагч бүрийг өөрсдийн  эцэг эх, ах эгч, гэр бүлийнхэнтэйгээ адилтган хүндэтгэж дээдлэн харьцана. Харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үзүүлж буй манай банкны  үйлчилгээ чанарын болоод сэтгэл ханамжийн дээд түвшинд байвал зохино. Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг харилцагчдад тааламжит түвшинд хадгалснаар бид  харилцан ашигтай хамтран ажиллан өсөн дэвжинэ.

  • Монгол орны дөрвөн зүг, найман зовхист ажиллаж буй ажилтнууд маань - Бидний эрхэм чухал үнэт зүйл билээ.

Салбартаа тэргүүлэгч, шилдэг ажил олгогч ХААН Банк нь хамт олны эрүүл саруул, бүтээлч уур амьсгалыг төлөвшүүлэхийн зэрэгцээ ажилтныхаа нэр төрийг хайрлан хамгаалдаг, эрхэмлэн хүндэлдэг, гэр бүлийнхээ өмнө хүлээж байгаа үүрэг хариуцлагыг нь ойлгон дэмждэг байх ёстой. Банк ажилтныхаа ажлыг шударгаар үнэлдэг, өрсөлдөхүйц цалин урамшуулал олгодог, амар тайван амьдралын баталгаа нь болдог байх  ёстой. Манай ажилтнууд үнэнч шударга, идэвх санаачлагатай, үргэлж урагш тэмүүлсэн, удирдлага нь  ёс зүйтэй, шударга, мэргэжлийн байх нь чухал.

  • Монгол орон, онгон дагшин байгаль, хүрээлэн буй орчин, эрүүл саруул хүн ард - ХААН Банкны эрхэм чухал үнэт зүйл мөн.  

Нийгмийн өндөр хариуцлага, эх орныхоо ирээдүйг бүтээх эрдэм боловсролтой хүүхэд залуус, эрүүл саруул хүн ард, Монголын унаган байгаль дэлхий, хүрээлэн буй орчин бидний бизнесийн амжилтын салшгүй хэсэг мөн. Манай салбар нэгжийн үйл ажиллагаа, ажилтан бүрийн чин сэтгэл чухам үүнд чиглэнэ.   

  • Банкны хувьцаа эзэмшигчид – ХААН Банкны эрхэмлэх чухал үнэт зүйл юм. 

Манай бизнес тогтвортой өсөлттэй, ашигтай байх нь бидний зорилго. Та, бид алсын хараатай байж бизнесийн эрэл хайгуул, судалгааг тасралтгүй, оновчтой хийн алдаа оноогоо харж залруулдаг, хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлдэг байх ёстой. Шинэлэг технологи, шинэ барилга байшин, бүтээн байгуулалтанд хөрөнгө оруулалт хийн  шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг байнга нэвтрүүлснээр шинэ бүхний тэргүүнд байж, бэрхшээл хүндрэл тулгарах цагт даван туулах бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Бид ингэж ажилласнаар ХААН Банкны эрхэм чухал үнэт зүйлс болсон Харилцагч, Ажилтан, Ард түмэн, Хувьцаа эзэмшигч бүгдэд үр өгөөжтэй байж өөрсдийгөө, банкаа, эх орноо хөгжүүлж чадна.