Мэдээ
2017 / 01 / 18

ХААН БАНК ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛ БҮХИЙ ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

ХААН Банк Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас хамтран хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй нөхцөл бүхий тэтгэврийн зээлийг өнөөдөр буюу 2017 оны 1-р сарын 18-аас эхлэн салбар нэгжээрээ дамжуулан тэтгэвэр авагчдад олгож эхэллээ. 

Энэхүү хөнгөлөлттэй нөхцөл бүхий тэтгэврийн зээл нь богино  буюу 6 хүртэл сарын хугацаатай, жилийн 15.0% буюу сарын 1,25%-ийн хүүтэй байх юм. Та ХААН Банкаар дамжуулан тэтгэврээ авдаг, энгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлгүй бол энэхүү хөнгөлөлттэй нөхцөл бүхий тэтгэврийн зээлд хамрагдах боломжтой.   

Бүрдүүлэх материалын хувьд иргэний үнэмлэх, тэтгэврийн дэвтэр, тэтгэврийн карттай бол тэтгэврийн картын хамт өөрийн тэтгэвэр авдаг салбарт хандан зээлээ судлуулан авах юм. 

Харин урт хугацаатай буюу 7 сар болон түүнээс дээш хугацаагаар тэтгэврийн зээл авах бол банкны үндсэн нөхцөл болох жилийн 18.0% буюу сарын 1.5%-иар олгохыг анхаарна уу.   

Хөнгөлөлттэй нөхцөл бүхий тэтгэврийн зээл олгох хөтөлбөр цаашид тогтвортой үргэлжлэх тул та өөрийн боломжтой цагтаа тэтгэвэр авдаг ХААН Банкны салбартаа хандан зээлээ аваарай.  

Холбоотой асуулт хариултууд: 

- Хөнгөлөлттэй нөхцөл бүхий тэтгэврийн зээл хэзээнээс олгож эхлэх вэ? 

Хөнгөлөлттэй нөхцөл бүхий тэтгэврийн зээлийг 2017.01.18-ны өдрөөс ХААН Банкны салбар нэгжээр дамжуулан олгож байна.                                                  

-  Урьд нь зээлтэй хүн энэхүү зээлийг авах боломжтой юу? Материалаа хаана өгөх вэ?    

Тэтгэвэр авагч нь тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдэлгүй байх гэсэн шаардлага тавьж байгаа. Тиймээс та тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдлээ бүрэн төлсний дараа энэхүү зээлд хамрагдах боломжтой юм. Улаанбаатар хотын тэтгэвэр авагчдын хувьд тэтгэвэр авдаг тооцооны төвдөө хандан зээлээ авах боломжтой. Орон нутгийн тэтгэвэр авагчдын хувьд ХААН Банкны бүх салбар нэгжээр дамжуулан авах боломжтой.  

-  Өмнө нь тэтгэврийн зээл авсан хүн зээлээ хөнгөлөлттэй зээлд шилжүүлж болох уу?    

Харилцагчийн өмнө авсан зээлийг хөнгөлөлттэй зээлд шилжүүлэх боломжгүй юм. Тэтгэвэр авагч харилцагчид өмнө нь авсан зээлээ бүрэн төлж дууссаны дараа энэхүү богино хугацаатай  бага хүүтэй зээлийг авах боломжтой. 

- 6 сараас дээш хугацаагаар тэтгэврийн зээл авах шаардлагатай байна. Энэ тохиолдолд яах вэ? 

Зургаан сараас дээш буюу урт хугацаатай тэтгэврийн зээл авах бол банкны одоогийн мөрдөж буй жилийн 18.0%-ийн хүүтэй зээлийг авах боломжтой юм. Тэтгэвэр барьцаалсан зээл авахад иргэдэд 2 хувилбарыг санал болгож байгаа юм. Тэтгэвэр авагч иргэд өөрийн хэрэгцээндээ нийцүүлэн урт болон богино хугацааны зээлийн аль нэгийг сонгон авах боломжтой юм.  Дээрх 2 нөхцөлөөр давхардуулж зээл олгохгүй.  

- Нэмэлт зээл авах боломжтой юу? 

Хуучин зээлтэй харилцагчийн хувьд нэмэлт зээл авах бол өмнө авсан нөхцөлөөрөө буюу жилийн 18.0%-ийн хүүгээр авна. Харин шинээр зээл авах гэж байгаа бол богино хугацаатай бага хүүтэй зээлийг авах боломжтой. 

- Хүсэлт хүлээн авч дуусах хугацаа гэж бий юу? 

Хүсэлтийг 2017.01.18-ны өдрөөс эхлэн хүлээн авч эхэлж буй бөгөөд хөтөлбөр дуусах хугацааг заагаагүй тул та бүхэн өөрийн боломжтой цагтаа банкинд ирж хүсэлтээ гарган зээлээ аваарай. Улаанбаатар хотын тэтгэвэр авдаг иргэд өөрийн тэтгэвэр авдаг салбар нэгжээсээ орон нутгийн тэтгэвэр авдаг иргэд ХААН Банкны аль ч салбарт  хандах боломжтой.  

- Зээл авахад шимтгэлтэй юу? 

ХААН Банкны тэтгэврийн зээлийг шимтгэлгүй олгодог. Энэхүү хөнгөлөлттэй нөхцөл бүхий тэтгэврийн зээлийг олгоход ч мөн ямар нэгэн шимтгэл хураамж авахгүй болно.    


Бусад мэдээ