Мэдээ
2017 / 03 / 17

ХААН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНЭЭР НАОТО ОДАГИРИ ТОМИЛОГДЛОО

ХААН Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүнээр 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн Наото Одагири томилогдлоо.   

Ноён Наото Одагири нь олон улсын тэргүүлэх зэрэглэлийн санхүүгийн байгууллагуудад 25  жил гаруй ажилласан туршлагатай банкир юм. Тэрбээр Япон улсын Токио дахь Barclays Банкны  Зээлийн эрсдэлийн удирдлага хариуцсан захирал, мөн Токио хот дахь BNP Paribas банкны  удирдах түвшний албан тушаалууд хашиж, эрсдэлийн удирдлага, хөрөнгө оруулалтын банк, өөрийн хөрөнгө ба өрийн анализ, санхүүгийн үйл ажиллагааны дэмжих нэгжүүд зэрэг санхүүгийн бизнесийн чиглэлүүдээр  мэргэшсэн ажээ. Мөн тэрбээр 20 гаруй жилийн турш Японы болон олон улсын санхүүгийн байгууллагуудын зээлийн эрсдэлийн шинжээч болон хувьцааны  чиглэлээр дүн шинжилгээ хийсэн туршлагатай юм.

Ноён Одагири  олон улсын харилцаа, стратеги, санхүүгийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг АНУ-д төвтэй Pacific Tech Bridge компанийн удирдах зөвлөлийн гишүүнээр  ажилладаг. Pacific Tech Bridge нь АНУ, Япон, БНХАУ болон Азийн бусад орнуудын хоорондын дипломат харилцааны асуудлаар чухал хувь нэмэр оруулдаг байгууллага юм.   

Ноён Одагири Япон улсын бизнесийн тэргүүлэх зэрэглэлийн нэр хүндтэй The Weekly Economist сэтгүүлд нийтлэлээ тогтмол нийтлүүлэхээс гадна Мэйжи-ийн Их сургуулийн Глобал Бизнесийн Сургуулийн Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрийн  ангиудад санхүүгийн менежментийн хичээл заадаг байна. Ноён Одагиригийн хийсэн ажиглалт, дүгнэлтийг Bloomberg, The Wall Street Journal, CNBC зэрэг олон улсын мэдээллийн хэрэгслүүд иш татах нь олонтаа байдаг бөгөөд түүний санхүү, эдийн засаг, олон улсын харилцааны чиглэлээр эзэмшсэн мэдлэг чадвар нь Японы бизнес эрхлэгчдийн дунд хэдийнэ танигдсан билээ.

Наото Одагиригийн мэргэжлийн ур чадвар, мэдлэгийн цар хүрээ, банкны салбарт ажилласан арвин туршлага  нь ХААН Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

ХААН Банкны ТУЗ-д шинээр томилогдсон Наото Одагири гишүүнд ажлын амжилт хүсье. 


Бусад мэдээ