Мэдээ
2017 / 04 / 12

ХААН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР ФРАНЦИС ЭДВАРД ХООКИЙГ ТОМИЛЛОО

Cанхүүгийн мэргэжилтэн Францис “Франк” Эдвард Хooк 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ХААН Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүнээр томилогдлоо.  

Франк нь БНХАУ, Вьетнам, Лаос, Камбож, Мянмар, Тайван, Индонез зэрэг Азийн олон оронд банк, санхүү, худалдаа, бизнес хөгжүүлэлтийн чиглэлээр 37 жил ажилласан туршлагатай юм. Тэрбээр санхүүгийн зөвлөх, гүйцэтгэх удирдлагын түвшний ажлуудын эрхэлж байсан бөгөөд 1985-1997 оны хооронд Ситибанкны бүс хариуцсан дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж, тэргүүлэх зах зээлтэй орнуудад ажиллаж байв. Франкийн хувьд санхүүгийн зах зээл, мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт тус тус ажиллаж байсан ажээ.

Франк IMC Asia Limited болон бизнесийн эрсдэлийн удирдлагын зөвлөх Kroll компанийн ерөнхийлөгчөөр ажилласан туршлага дээрээ үндэслэн 2009 онд Old Pueblo Associates компанийг үүсгэн байгуулжээ. Тэрбээр одоо ч Old Pueblo Associates компанийн ТУЗ-ийн гишүүн бөгөөд Kroll компани болон БНХАУ дахь нэр хүнд бүхий харилцагч нарт стратегийн зөвлөгөө өгдөг.

Франк одоогоор Стэнфордын их сургуулийн дипломын дараах Бизнесийн сургуулийн БНХАУ-ыг хариуцсан захирлаар ажиллаж байна. Тэрбээр Бизнесийн сургуулийн Хятад улсад баримтлах стратегийг боловсруулж, хэрэгжүүлэх, Хятадын тэргүүлэх их сургуулиудтай хамтран бизнесийн удирдлагын магистрын ангийн оюутнуудад зориулсан төсөл боловсруулах, тус факултетийн оюутнууд, төгсөгчдийн холбоог амжилтад хүргэх боломжоор хангах үүрэгтэй ажилладаг.  

Хэдэн арван жилийн мэргэжлийн туршлага, улс төрийн шинжлэх ухаан, эдийн засгийн ухааны суурь боловсролтой Франкийг төгссөн сургууль нь болох Стэнфордын их сургууль болон Ази, Америк дахь их сургуулиуд урьж илтгэл тавиулдаг юм.

ТУЗ-ийн шинэхэн гишүүн Франкийг ХААН Банкинд өөрийн олон улсын хэмжээний мэдлэг чадвар, туршлагаа авчирна гэдэгт итгэлтэй байна. 


Бусад мэдээ