Мэдээ
2017 / 05 / 22

ХААН БАНК хөнгөлөлттэй нөхцөл бүхий цалингийн зээл олгож эхэллээ

ХААН Банк Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас хамтран хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй нөхцөл бүхий цалинийн зээлийг 2017 оны 5-р сарын 18-аас эхлэн салбар нэгжээрээ дамжуулан олгож эхэллээ.    

Энэхүү хөнгөлөлттэй нөхцөл бүхий цалингийн зээл нь богино  буюу 6 хүртэл сарын хугацаатай, жилийн 18.0% буюу сарын 1,5%-ийн хүүтэй байх юм. Нийгмийн даатгалын шимтгэлийг сүүлийн 12 сар тасралтгүй төлсөн, 5-аас доошгүй жил төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлэгт ажиллаж буй багш, эмч, ажилтнууд хөнгөлөлттэй нөхцөл бүхий цалингийн зээлд хамрагдах боломжтой. Хөнгөлөлттэй нөхцөл бүхий цалингийн зээл олгох хөтөлбөр цаашид тогтвортой үргэлжлэх тул та өөрийн боломжтой цагтаа өөрт ойр ХААН Банкны салбарт хандан зээлээ аваарай.    

Холбоотой асуулт хариултууд:

Зээлийн тавигдах шаардлага, бүрдүүлэх материал юу вэ? 

Дараах шаардлагыг тавьж байна. Үүнд:

  • Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрч буй зээлийн үлдэгдэлгүй байх,
  • Зээлийн нийт орлогын харьцаа/цэвэр орлогын харьцаа хангахуйц сарын төлбөрийн хэмжээ нь зээл хүсэгчийн сарын цэвэр цалингийн хэмжээнээс хэтрэхгүй байх,
  • ХААН Банкаар цалингаа авдаг байх,
  • Сүүлийн 1 жилийн хугацаанд тасралтгүй НДШ төлсөн байх,Тухайн байгууллагадаа 5 жил буюу түүнээс дээш хугацаагаар ажилласан байх, зээлийн судалгаа хийгдэх үед тухайн байгууллагад ажиллаж байх, цаашид тогтвор суурьшилтай ажиллах
  • Улсын төсвөөс санхүүждэг бүх төрлийн эмнэлэг, ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт тогтвор суурьшилтай ажилладаг байх.

 Урьд нь зээлтэй хүн энэхүү зээлийг авах боломжтой юу? Материалаа хаана өгөх вэ?   

Цалингийн зээлийн үлдэгдэлгүй байх гэсэн шаардлага тавьж байгаа. Тиймээс та цалингийн зээлийн үлдэгдлээ бүрэн төлсний дараа энэхүү зээлд хамрагдах боломжтой бөгөөд ХААН Банкны бүх салбар нэгжээр дамжуулан олгоно.  

Өмнө нь цалингийн зээл авсан хүн зээлээ хөнгөлөлттэй зээлд шилжүүлж болох уу?   

Харилцагчийн өмнө авсан зээлийг хөнгөлөлттэй зээлд шилжүүлэх боломжгүй юм. Тиймээс цалингийн зээл хүсэгч нь өмнө нь авсан зээлээ бүрэн төлж дууссаны дараа богино хугацаатай бага хүүтэй зээлийг авах боломжтой болно.    

Нэмэлт зээл авах боломжтой юу?

Хуучин зээлтэй харилцагчийн хувьд нэмэлт зээл авах бол өмнө авсан нөхцөлөөрөө авна. Харин хөнгөлөлттэй нөхцөл бүхий цалингийн зээл авч ашиглан хэсэг хугацааны дараа тухайн зээлийн үлдэгдэл дээр нэмж зээл авах боломжтой бөгөөд зээлийн хугацаа хэмжээ нь 6 сарын цалингийн нийлбэр болон 6 сараас хэтрэхгүй байна. Энэхүү нөхцөлөөс хэтэрсэн тохиолдолд хөнгөлөлттэй нөхцөл бүхий цалингийн зээлийн үлдэгдлийг энгийн нөхцөлтэй цалингийн зээлд шилжүүлэн нэмж зээл авах боломжтой ба зээл авсан салбар нэгж дээр очиж хүсэлтээ өгнө.    

Хүсэлт хүлээн авч дуусах хугацаа гэж бий юу?

Хүсэлтийг 2017.05.18-ны өдрөөс эхлэн хүлээн авч эхэлж буй бөгөөд дуусах хугацааг заагаагүй тул та бүхэн өөрийн боломжтой цагтаа банкинд ирж хүсэлтээ гарган зээлээ аваарай. ХААН Банкны аль ч салбарт  хандах боломжтой. 

Зээл авахад шимтгэлтэй юу?

Зээл олгох үйлчилгээний шимтгэл болон өргөдлийн хураамж авахгүй болно.    

Зээлийн хүүний бууралттай холбоотойгоор сарын эргэн төлөлтөд орох өөрчлөлт ямар байх вэ?

Сарын зээлийн төлөлт нь буурна.  

 


Бусад мэдээ