Мэдээ
2017 / 06 / 05

ХААН Банк Монгол улсад олгосон экспортын зээлийн шугамын хүрээнд ЯОУХАБ-тай анхны санхүүжилтийн хэлэлцээрийг амжилттай байгууллаа

2013 оны 6 сард Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Банк (ЯОУХАБ) нь  Япон улсаас бараа, тоног төхөөрөмж импортлон оруулж ирдэг Монгол улсын аж ахуйн нэгжүүдэд урт хугацаа, хүүгийн таатай нөхцөл бүхий санхүүжилт олгох зорилгоор Монгол Улсад анх удаа 8 тэрбум иенийн (~70 сая ам. доллар) Экспортын Зээлийн Шугамыг нээн, Монгол Улсын Сангийн Яамаар дамжуулах нөхцөлтэйгээр олгосон билээ.

2015 оноос эхлэн ХААН Банк Монгол улс даяар нийт харилцагчиддаа  банкны үйлчилгээг найдвартай, шуурхай хүргэх үүднээс өөртөө үйлчлэх Экспресс банкны  үйлчилгээг зах зээлд шинээр нэвтрүүлсэн бөгөөд энэхүү  төслийг Япон улсын Хитачи Омрон компанийн үйлвэрлэсэн олон үйлдэлт АТМ-уудыг ашиглан хэрэгжүүлж байна. ХААН Банкны зүгээс энэхүү боломжийг ашиглан, 2016 онд хийсэн нийт АТМ-ын худалдан авалтаа ЯОУХАБанкны бага хүүтэй, урт хугацааны гадны эх үүсвэрээр санхүүжүүлэхээр Монгол Улсын Сангийн Яамаар дамжуулан санхүүжилтийн хэлэлцээрийг амжилттай байгуулаад байна. Энэхүү хэлэлцээрт Японы томоохон арилжааны банк болох Сумитомо Мицуй Банкинг Корпорейшн (SMBC) Японы NEXI экспортын зээлийн агентлагийн даатгалтайгаар мөн хамтран санхүүжүүлэгчээр оролцсон билээ.

ХААН Банк энэ удаагийн санхүүжилтийн хэлэлцээрээр дамжуулан,  ЯОУХАБанктай урт хугацааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой болж буй бөгөөд цаашид ЯОУХАБанкны дэмжлэгтэйгээр урт хугацаат санхүүгийн эх үүсвэрээ төрөлжүүлэхээс гадна Японы аж ахуйн нэгжүүдтэй гадаад худалдаа эрхэлдэг нийт байгууллагын харилцагчиддаа дунд болон урт хугацааны, таатай нөхцөл бүхий санхүүжилтийн шийдлийг санал болгож байна.

ХААН Банк нь орон даяар нийт 537 салбар нэгжтэй үндэсний тэргүүлэгч  арилжааны банк бөгөөд харилцагчиддаа бүх төрлийн банк болон санхүүгийн үйлчилгээг хүргэдэг билээ.   ХААН Банк нь техник, технологийн шинэчлэлд тогтмол хөрөнгө оруулалт хийсээр ирсний үр дүнд Улаанбаатар, аймаг, томоохон сумын төвүүд, суурин газарт ATM-ны хамгийн өргөн сүлжээг бүрдүүлж, харилцагчид банкны үйлчилгээг бодит цагийн горимд авч байна. Түүнчлэн цахим банкны үйлчилгээгээр тэргүүлж  Интернэт банк, Ухаалаг банк, Мобайл банк, Масс мессеж гэх мэт цахим банкны иж бүрэн үйлчилгээг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна. 

ЯОУХАБ нь Япон улс төдийгүй олон улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулах зорилго бүхий Япон улсын засгийн газрын бодлого хэрэгжүүлэгч томоохон банк бөгөөд хувийн хэвшлийн санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг дэмжин зээл, хөрөнгө оруулалт, экспортын зээлийн даатгалын үйлчилгээг үзүүлдэг юм. 


Бусад мэдээ